2011-02-16
Финляндын боловсролын нууц


2011 оны 2-р сарын 16, Лхагва гариг, 12:15 администратор Удирдлага Хэвлэх Бид өмнө нь PISA тест бол улс орнуудын сургуулийн чанар, суралцагсдын чадавхийг тодорхойлдог дэлхийн хамгийн том шалгалт хэмээн сайтдаа бичиж байсан. Удаа дараагийн PISA тестийн дүнгээр Финлянд улсын сурагчид толгой цохиж байгаа. Тэгэхээр энэ улсын боловсролын нууц юундаа байдаг юм бол? Энд Александр Волковын “Оросын боловсролд финийн гайхамшиг л тохирох болоод байна” нийтлэлээс товчлон хүргэж байна. Финчүүд чухам юу хийгээд ийм болов? Тэдний боловсролын системийг яагаад дэлхий дахинд тийнхүү шилдэг хэмээн үзэх болов? Бид финийн туршлагыг судлаад юуг нь дуурайн ашиглавал болох вэ? Ухаалаг бодлогын үр шим Энэ системийг нь тэнгэрийн ивээлтнүүд юмуу бөө удган нар бодож сэтгээгүй. Энэ нь улс төрийн жинтэй шийдвэрийн үр дүн. Нэг ижил ангиудад бүх хүүхэд бэлтгэлийн түвшин, эрүүл мэндийн байдлаасаа үл хамааран хичээллэдэг үндсэн сургуулиудыг тус орны эрх баригчид бүүр 1960-аад оны эцэс 1970-аад оны эхээр олноор байгуулж эхэлсэн байна. Одоо Финляндад “бүх хүүхэд чанартай боловсрол эзэмших, адил тэгш эрх эдлэх” зарчмыг амьдралд идэвхийлэн нэвтрүүлэх болжээ. Сургууль нь финийн нийгэмд адил тэгш байхын жинхэнэ билэг тэмдэг, тус орны бүх иргэдийн эрх тэгш байдлын үзэл санааны хөтөч болж байна. “Бидэнд бүх сурагч цөмөөрөө хэрэгтэй. Бид бүгдэд нь адилхан бололцоо олгодог” гэж финийн багш нар ярих дуртай. Энэ нь ч улс орондоо асар их ач тусаа өгдөг байна. Энд хэнийг ч мартдаггүй, хэнийг ч хуурдаггүй, бусдыг бага балчраас нь алагчлан шоовдорлох ааш араншинд сургаж дасгадаггүй. Сайн сайхан ирээдүйгээ бий болгохын тулд сайн боловсрол олж авах нь чухал. Нийгмийн ертөнц сургуулиас эхэлдэг. Амьдралдаа сэтгэл хангалуун финийн багш нар хүүхдүүддээ амьдралыг хайрлаж явахыг сургадаг. Эрх тэгш байдлын зарчим финийн нийгэмд нэвт шингэсэн байгаа. Гэхдээ үүнийг бүх хүүхдийг ав адилхан байлгах гэсэн эрмэлзэл биш, харин юуны өмнө хүүхэд тус бүрийг авъяас чадварынхаа хэрээр юмыг үнэлж цэгнэж чаддаг болгох тэмүүлэл гэсэн утгаар ойлговол зохино. Заримаас нь илүү асууж, заримаас нь дутуу асуугаад байх ёсгүй. Учир нь бүгд л юмыг өөртөө буй боломжийнхоо хэрээр үнэлж цэгнэх адил тэгш эрхтэй. Хүүхэд бүхэн өөрийнхөөрөө хувцаслана, тус тусдаа сургалтын хөтөлбөртэй байх учиртай. Чухамдаа хүүхэд бүхэн ийм л байвал сайн сайхан байх болно. Атаа жөтөө өвөрлөн бусдын элбэг хангалуун амьдрах гэсэн хүсэл эрмэлзлийг хаан боож, өөрсдөө тансаг амьдралтай байхыг санаархдаг хорон санаатнуудыг финляндын удирдлагад байлган тэжээн тэтгэж байхыг хэн ч хүсдэггүй. Дашрамд дурдахад, финляндчууд хөрөнгө чинээнийхээ түвшингээр бүгд бараг адил. Сайн суралцах юм бол чиний өмнө бүх үүд хаалга нээлттэй. Энэ үндэсний үзэл санаа биш гэж үү? Сайн сурах л юм бол шан харамж аяндаа ирнэ. Гэвч хэрвээ энэ зарчим гажиж, өөр зарчмаар солигдвол хэчнээн сайн сураад ч нэмэргүй, мөнгө хэрэгтэй, холбоо харилцаа хэрэгтэй болно. Үнэн, худал хоёр сөргөлдөхөө больж, нэг нэгэнтэйгээ ижилхэн болдог тийм антисистем бий болж хувирна. Тийм нийгмийг Лев Гумилев “ертөнцийн сөрөг мэдрэмжтэй хүмүүсийн системийн бүхэл нэгдэл” хэмээн тодорхойлжээ. Тийм систем сэрэхэд бэлэн болсон унтаж буй галт уул лугаа адил туйлын тогтворгүй байдаг. Эхлээд шинэтгэл багш нарын ширүүн эсэргүйцэлтэй тулгарсан. Учир нь авъяас билэгтэй хүүхдүүд, оюуны хомсдолтой хүүхдүүдийг нэг ангид зэрэгцүүлэн суулгаад яаж хичээл заахыг зүгээр л төсөөлөөгүй. “Одоо Финляндад тэр үед хамгийн зөв шийдвэр гаргасан гэдэгт бүх хүн итгэлтэй байгаа. Яагаад гэвэл нийгэмд боловсролын түвшин хэдийчинээ өндөр байх тусам энэ салбар төдийчинээ үр ашигтай хөгжинө” гэж Боловсролын яамны ажилтан Йорма Кауппинен тэмдэглэжээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax